Wednesday, May 2, 2012

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ДАСАН ЗОХИЦОХ БОДЛОГЫГ ОРОН ЗАЙН ХУВЬД ЯЛГААТАЙ ТӨЛӨВЛӨЕ


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, арга хэмжээг байгалийн болон эдийн засгийн бүсүүдийн онцлогт тулгуурлан харилцан адилгүй төлөвлөж, хэрэгжүүлье. Өөрөөр хэлбэл ядаж Монгол орны хангай, хээр, говь гэсэн байгаль экологийн онцлогт тохирсон хөгжлийн өөр өөр бодлого хэрэгжүүлье. Жишээ нь, Хангайн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлье, дагаад бэлчээр нутгийг түлхүү эзэмшүүлье, харин уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихтэй хээр, говийн бүсэд бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг түлхүү
хөгжүүлье, малчдыг нүүдэл хийх бололцоогоор түлхүү хангаж хүнээс экосистемд үзүүлэх нөлөөг аль болох багасгая. дэд бүтэц, зах зээлд ойр том хотууд болон аймгийн төвүүд орчмын бэлчээрт эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж бэлчээрийг урт хугацаагаар эзэмшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхой болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол орны хаана бэлчээрийг сэлгэн ашиглах уламжлалт тогтолцоог хөхүүлэн дэмжих, хаана эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх орон зайн ялгаатай бэлчээрийн талаарх төрийн бодлогыг тодорхойлох асуудал юм.
Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтөд экологийн болон нийгмийн хувьд илүү эмзэг бүс нутагт дасан зохицоход чиглэсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг бодлогын түвшинд түлхүү хэрэгжүүлэх орон зайн ялгаатай бодлого дутагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг одооноос хөгжлийн бодлогуудад шингээж өгөхгүй юм бол магадгүй ирээдүйд учир ч болох эрсдэлийн өртөг одоогийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны өртөгөөс хэд дахин өндөр байхыг анхааруулсаар байгаа.
Монгол орны хэт хуурай болон хуурай нутагт[1] уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, бэлчээрийн экосистемийн доройтол, цөлжилт илүү ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл хуурай бүс нутгийн хүн-байгалийн тогтолцоо нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмтгий гэсэн үг. Тэгвэл Монгол орны хээр, говийн бүсэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалтаас үүдэлтэй доройтол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх үүднээс бэлчээрийг аль болох нүүдлээр сэлгэн ашиглах уламжлалт тогтолцоог хадгалаад, орчин үеийн шинэ технологиор баяжуулан хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нэг шийдэл мөн. Олон зууны туршид харилцан бие биеэ нөхөн хөгжиж ирсэн уламжлалт бэлчээрийн нийгэм-экологийн тогтолцоо нь ган, зудыг хохирол багатай даван туулах чадавхитай, бэлчээрээ доройтуулахгүй ашигласнаар экосистемд сэргэн хөгжих (resilience of ecosystem) боломж олгодог зэрэг олон давуу талтай байсан. Гэвч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, зудын давтамж эрчим нэмэгдсэн, гадаргын усны нөөцийн хомстол, бэлчээрийн экосистемийн бүтээмж буурсан зэргээс шалтгаалан угаас байгалиас заяасан хумигдаж буй дасан зохицох чадавхийг орчин үеийн мэдлэгээр арвижуулан хадгалах, хөгжүүлэх шаардлага тулгараад байна. Нөгөө талаас Монголын бэлчээрийн мал аж ахуйд огт байгаагүй дасан зохицох асуудлыг шинээр нэвтрүүлэх гэж буй асуудал биш бөгөөд гагцхүү нүүдлийн мал аж ахуйд угаас байсан дасан зохицох чадавхийг шинэ мэдлэг технологиар арвижуулан хөгжүүлье гэсэн санаа. Шинэ мэдлэг, технологи гэдэг нь судалгаанд тулгуурласан бэлчээр ашиглах төлөвлөгөө, сэргээгдэх эрчим хүч, харилцаа холбооны технологи, зайны сургалт зэргээр хязгаарлагдахгүй юм. 
Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны экологийн эмзэг байдлын үнэлгээ (ган-зуд, бэлчээр ашиглалтыг тооцсон)-г хийсэн[2]. Уг судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөд экологийн хувьд хамгийн эмзэг нь Ховд, Увс, Дундговь, Өмнөговь аймгууд орсон. Тэгвэл эдгээр аймгуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг түлхүү авч хэрэгжүүлэх, тухайн аймгууд байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудалдаа түлхүү анхаарах шаардлагатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл аль аймаг, бүс нутаг уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг байна тэнд дасан зохицох бодлогыг түлхүү хэрэгжүүлье, дагаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье. дасан зохицоход чиглэсэн арга хэмжээнүүд нь тухайн аймгийн урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдэд тэргүүн эгнээний зорилтуудын нэг болж тусгагдаж байх хэрэгтэй. Учир нь Монгол 21 аймаг, Нийслэл хотоос бүрддэг бөгөөд үүнээс 14 аймгийн ДНБ-нд ХАА-н салбараас 50-иас дээш хувиа бүрдүүлдэг, жишээ нь Ховд аймгийн ДНБ-нд ХАА-н салбар 66.5%-ийг бүрдүүлж, хөдөөд нийт хүн амын 67.2% нь суурьшиж[3] байгаагаас үзвэл тухайн аймгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой өсөлт байгалиас шууд хамааралтай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ихэнх аймгуудын эдийн засаг, хүн амын амьдарлын баталгаа ХАА-н салбар дахь мал аж ахуй дээр, мал аж ахуйн тогтвортой байх үндэс нь байгаль орчин, экосистем дээрээ тулгуурласан эдийн засагтай байна гэсэн үг. Тэгэхээр жишээ нь Ховд аймгийн хөгжлийн нэн тэргүүний зорилтуудын нэг бол нийгмийн, экологийн, биологын тогтвортой орших үндэс болдог Ховд, Буянт голууд, Хар-Ус нуурын сав газрын экосистемийг өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийн үед аль болох доройтуулахгүй ашиглах үндсэн зорилго агуулах хэрэгтэй. Ингээд дасан зохицох асуудал Засгийн газраас аймаг, орон нутгийн түвшинд “хөрсөн” дээр бууж байгаа хэрэг  юм. Өөрөөр хэлбэл тухайн аймгууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалдаа илүү анхаарал хандуул гэсэн үг.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч,
 докторант М.Алтанбагана




[1] Хуурайшлын индекс 0.05-аас бага бол хут хуурай, 0.05-0.2 бол хуурай бүсэд ордог. НҮБ-ын ХБОХ-ын аргачлал. Хуурай бүс нутаг монгол орны 80 орчим хувийг эзлэнэ.
[2] М.Алтанбагана, С.Давааням, Т.Чулуун. 2011 он. “Уур амьсгалын өөрчлөлтөд нийгэм-экологийн тогтолцооны эмзэг байдал, дасан зохицох арга зам” сэдэвт бодлогын судалгааны тайлан. Үндэсний хөгжлийн хүрээлэн.
[3] МУ-ын Статистикийн үндэсний хороо. Статистикийн эмхтгэл, 2010.

No comments:

Post a Comment