Thursday, May 3, 2012

БЭЛЧЭЭР АШИГЛАХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНД ТУЛГУУРЛАН ДАСАН ЗОХИЦОХ АСУУДЛЫГ ХӨГЖИЛТЭЙ ХОЛБОЁ


Манай орны бэлчээр ашиглах тогтолцоонд байгалийн анхдагч нөөц ашигладаг малчдад бэлчээр доройтуулсанд үүрүүлэх үүрэг хариуцлагын тогтолцоо, эрх зүйн акт алга байна. “мал-бэлчээр” гэсэн зоосны салшгүй хоёр талын нэг мал хувийн өмч харин бэлчээр нутаг нийтийн өмч байгаа өнөө үед зөв зохистой ашиглах үүрэг хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна. малын тооны ган зудын эрсдлийг тооцоолоогүй өсөлт, мөн бэлчээрийн экосистемээ хэт
ашиглан доройтуулах байдлыг эрхзүйн хариуцлагын механизмаар дамжуулан дасан зохицох бодлого руу чиглүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Малчид байгаа бэлчээрийнхээ даацад нь тохирсон малыг агуулаад илүүдэл малыг мах болгож орлогоо нэмэгдүүлэх үү?, эвсэл малаа өсгөөд бэлчээрийн экосистем ээ доройтуулж цөлжилтөд хүргээд, энэ нь эргээд мал сүрэг тарга хүч авч чадаагүйгээс болж ган, зудад өртөж нийгмийн эмзэг байдал нэмэгдээд байгаа өнөөгийн тогтолцоогоо хадгалаад байх уу? гэсэн сонголт хийнэ гэсэн үг. Иймд бэлчээрийн тухай хуулиар малын тоо толгойн өсөлтийг бэлчээрийн даацад тохируулан өсгөх зохицуулалтыг хийж, журам баталж хэрэгжүүлье. Ингэхдээ экологийн бүс бүрт бэлчээрийн даацад тохирсон малын тооны дээд хязгаарыг харилцан адилгүйгээр үлгэрчлэн тогтоож өгье. Бэлчээрийн даацаас хэтэрсэн толгой мал бүрээс тухайн малын 50 хувьтай тэнцэхүйц татвар ногдуулж болно. Ер нь малчид зааж өгсөн бэлчээрийн даацад тохируулан малын тооны өсөлтөө өөрсдөө зохицуулах бололцоотой бөгөөд гагцхүү илүүдэл малаа мах болгон хаана, хэрхэн борлуулж орлого олох арга зам нь тодорхой бус байна. Тэгэхээр бэлчээрийн даацаас хэтэрсэн илүүдэл малыг мах, түүхий эд болгон зах зээлд нийлүүлэхэд төрөөс зарим зохицуулалтаар дэмжиж болно. Үүний тулд аймаг бүрт жилд тодорхой хэдэн хугацаанд малчдаас мах, түүхий эд худалдан авч мах бэлтгэн нийлүүлдэг үйлдвэр байгуулъя. Мөн малчдад махаа борлуулсны орлогод нь ямар нэгэн татвар ногдуулахгүй. малчдын гар дээрээс махыг нь шууд худалдан авч экспортолж гадаад улсын махны хэрэглээ болон дотоодын хэрэглээний махны нөөцийн санг бүрдүүлж, махны үнийг тогтвортой барих бололцоо бүрдэнэ. Ойролцоогоор нэг өрхөд 44 мянган толгой мал ногдож байгаа[1] манай улсад амьжиргааны түвшинтэй харьцуулахад махны үнэ өндөр[2] байгаа нь зөв зохион байгуулалт, зохицуулалтгүй байна гэсэн үг. Байгалийн өргөн уудам бэлчээр дахь зэрлэг өвс ургамал иддэг монгол малын махны амтлаг чанар зэрэг нь Дэлхийн хүн амын өсөлт хүнсний хэрэглээнээс үүдэн бидэнд ашигт малтмалын томоохон ордоос дутахгүй хөгжлийн нөөц боломж байна гэсэн үг. дэлхийн дулаарлаас үүдэлтэй сөрөг үр дагавар хүн-байгалийн тогтолцоонд нөлөөлж буй өнөө үед байгальдаа ч, хүндээ ч ээлтэй бодлого хэрэгжүүлэх нь малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас нөөцөө хадгалах нэгэн шийдэл болно.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч
докторант М.Алтанбагана



[1] 2010 оны статистикийн эмхтгэлийн мэдээ ашигласан.
[2] 2012.03.20-ны байдлаар махны үнэ 10000 төгрөгт хүрсэн.

No comments:

Post a Comment