Thursday, May 3, 2012

МАЛЧДЫН ЭМЗЭГ БАЙДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЯДУУРЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАЯ

-->
Дэлхийн дулаарлын эхний үр дүн нь ядуу, нийгмийн эмзэг бүлэгт илүү хүндээр тусаж, улмаар улс орны эмзэг байдлыг нэмэгдүүлж, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх саад болж байна.
1999-2002 ган зуд болон 2009-2010 оны зуд ихээхэн хэмжээний хөдөөгийн иргэдийг амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн саяар тоологдох мал сүргээс нь салгаж ХАА-н салбарт багагүй хохирол учруулж улмаар шилжилт хөдөлгөөн, ядуурлыг нэмэгдүүлэх шалтгаан болсон. 1999-2002 оны жил дараалан тохиосон ган зудны дараахь 2003 онд 1998
онтой харьцуулахад 200 хүртэлх малтай өрх 38 орчим мянгаар буюу 14%-аар, 201-ээс дээш малтай өрх 8 орчим мянгаар буюу 18%-аар буурсан байна. Энэ нь малчид ядуу байх тусам уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий байгааг харуулж байна. Харин ядуурлын хувьд 1999-2002 оны ган зудын дараахь 2003 онд хөдөөгийн ядуурал 1998 онтой харьцуулахад 33%-аар нэмэгдсэн байгаа юм. Энэ бол ядуурлын маш том өсөлт бөгөөд сумын төв, хөдөө нутагт амьдарч байгаа 3 хүн тутмын нэг нь ядууралд орсон гэсэн үг. Нэгэнт амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдаж ядууралд өртсөн иргэд улмаар хот, суурин газарт шилжин ирж хотын ядуурал, экологийн доройтлыг нэмэгдүүлсээр байна. Харин 2009-2010 оны зудны дараахь 2010 онд 2008 онтой харьцуулахад хөдөөгийн ядуурал 2.5%-аар буюу харьцангуй бага нэмэгдсэн нь мөн дээрх Засгийн газрын “...зудын хохирлыг арилгах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө” гаргаж ажилласантай холбоотой.
-->
Улсын хэмжээнд 2010 онд нийт 160 орчим мянган малчин өрхөөс 100 хүртэлх малтай өрх 70 орчим мянга буюу нийт малчин өрхийн 45%-ийг, 200 хүртэлх малтай өрх 110 орчим мянга буюу нийт малчин өрхийн 76%-ийг тус бүр эзэлж байгаа бөгөөд энэхүү нийгмийн бага биш бүлэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрчим давтамж нь нэмэгдэж байгаа ган, зудад малаа алдаж амьжиргааны эх үүсвэрээ алдаж ядууралд өртөх магадлал өндөр байна. Тухайлбал, Нэг малчин өрх нийт 200 малтай бөгөөд 2-3 сурагч, оюутан хүүхэдтэй, амьжиргааны гол эх үүсвэр нь эдгээр мал сүрэг нь гэж бодоход ган, зудад тал малаа алдахад тэр өрхийн амьжиргааны түвшин эрс доошилж, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх чадамжгүй болж, улмаар шантарч мал аж ахуй эрхлэх “үйлдвэрлэл”-ээ зогсоож болзошгүй байдалд хүрнэ. хэрвээ малчин мал аж ахуй эрхлэхээ зогсоож, үлдсэн малаа зарж, хотруу шилжих “шийдвэр” гаргавал энэ нь Улаанбаатар хотын “энтропи (экологи, нийгмийн тулгамдсан асуудал)”-г нэмэгдүүлээд зогсохгүй, ядуурлын давхрагыг улам нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд улам нэрмээс болно. Нөгөө талаас хөдөөд нэг өрхийн сарын дундаж орлого 330 мянга байгаа нь хүнс, хэрэглээний барааны үнэ, сургалтын төлбөр зэрэгтэй харьцуулахад чамлалтай үзүүлэлт юм. судалгаагаар малчин өрхүүдийн орлого, зарлагын тооцоог 50-300 хүртэлх малтай өрхүүдээр ангилан гаргаж үзвэл 50, 100, 150 хүртэлх малтай өрхийн зарлага нь орлогоосоо давсан (тодруулбал, 100 малтай өрх 439.3 мянган төгрөг, 150 малтай өрх 217.4 мянган төгрөгийн алдагдалтай), 200, 300 хүртэлх малтай өрхийн орлого ариа ядан зарлагаасаа давсан (тодруулбал, 200 малтай өрх 3.4 мянган төгрөг, 300 малтай өрх 24.4 мянган төгрөгийн орлоготой) байгаа юм[1]. Уг судлаачид малчин өрхийн орлого, зардлыг тооцооны үр дүнд 200-300 толгой малтай малчин өрхүүдийг зөвхөн өөрсдийн дотоодын хэрэгцээг хангадаг амиа аргацаасан түүнээс дээш малтай өрхийг бизнесийн шинжтэй гэж дүгнэсэн байдаг бөгөөд энэ агуулгаар үзвэл Монголын нийт малчын өрхөөс 200 хүртэлх малтай 110 мянган малчин өрх “амиа аргацаасан” шинжтэй, ядуурлын эрмэг дээр байна гэсэн үг. Энэ бол 2004 онд хийсэн судалгаа бөгөөд өнөөгийн зах зээлийн ханш, бараа бүтээгдэхүүний үнэ өсөлтөөс үүдэн 200 хүртэлх малтай өрхүүдийн орлого нь зарлагаа нөхөж чадахгүй болсон байх магадлал өндөр байгаа.
Тэгэхээр ХАА-ын салбарын цаашдын тогтвортой байдлыг хангах, ядуурлаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлыг бууруулж, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх үүднээс дээрх нийгмийн бага биш эмзэг бүлэгт чиглэсэн тодорхой цогц бодлого зайлшгүй дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг олон зууны туршид нуруун дээрээ үүрч ирсэн, хүнсний аюулгүй байдал хангамжид томоохон үүрэг гүйцэтгэж байдаг ХАА-н салбарын тодорхой өрхүүдийг шууд халамжийн бус дасан зохицоход дэмжлэг болох төрийн бодлогоор тусгайлан дэмжих шаардлагатай байна. уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг нийгмийн бүлэгт зориулсан ядуурлаас урьдчилан сэргийлэх  “Дасан зохицох сан” байгуулж, мөнгө хуримтлуулж, малчдын эмзэг үед нь мэдэрч туслах замаар ядуурлаас урьдчилан сэргийлэх бас нэг арга зам юм. ниймгийн ядуу давхрагад ороогүй байгаа, гэхдээ гадны ямар нэг эрсдэлээс болж орж болзошгүй байгаа давхрагыг ядууралд оруулахгүй хамгаалсан төрийн бодлого байх хэрэгтэй. ядууралд орсон хойно ядуурлаас гаргах зардлаас урьдчилан сэргийлэх зардал харьцангуй бага болно. ядуурлыг бууруулах төрийн бодлогыг ядуу хүмүүсрүү чиглүүлэх, мөн зөвхөн нийгэм, эдийн засгийн холбогдох салбараас эрэлхийлэхээс гадна экологийн доройтлыг багасгах, аюулгүй байдлыг нь хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалтай уялдуулан тавих замаар ядууралд өртөж болзошгүй байгаа бүлгийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаад чиглүүлье гэсэн үг. Өөрөөр хэлбэл ядуурлын бууруулах төрийн бодлогыг “либерал”-члах санааг агуулж байгаа юм.
Монголд үнийг тогтвортой барьж байх гол хэдэн бүтээгдэхүүний нэг нь мах бөгөөд үүнийг цаашид урт хугацаанд тогтвортой барихын тулд төрийн оновчтой зохицуулалтаас гадна ХАА-н салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, эмзэг байдлыг бууруулах цогц арга хэмжээ маш чухал болоод байна. Бүр тодруулж хэлбэл Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг “атгаж” байгаа 160 орчим мянган малчин өрхийг уур амьсгалын өөрчлөлтөд тогтвортой дасан зохицох чадавхитай болгох асуудал нэн чухал болоод байна. Гэхдээ энд Монголын түүхэнд хэдэн 1000 жилийн туршид харилцан бие биеэ нөхөж ирсэн бэлчээрийн нийгэм-экологийн тогтолцоо (малчин-бэлчээр) нь өөрөө угаас дасан зохицох чадавхитай бөгөөд энэ нь ган болоход гангаас зугтах, бэлчээрээ сэлгэн ашиглах замаар бэлчээрийн экосистемийн тогтвортой байдал, сэргэн хөгжих чадавхийг нь хадгаладаг зэрэг мал маллах уламжлалт арга ухаан нь амьдарлаас урган гарсан дасан зохицох чадавхи юм. Гэвч энэхүү дасан зохицох чадавхи нь сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрчим давтамж нь нэмэгдэж буй ган зудын гамшиг, бэлчээрийн экосистемийн үйлчилгээний доройтол, усны нөөцийн хомстол, газар ашиглалтын тогтолцоо зэргээс шалтгаалан уг чадавхи нь буурч, хязгаарлагдмал болж буйг тэмдэглэх хэрэгтэй. Иймд уламжлат бэлчээрийн мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтөд “мэдлэг” шингэсэн дасан зохицох чадавхиар нэмэгдүүлж аль болох урт хугацаанд тогтвортой оршин байх нөхцөлийг хангах шаардлага зүй ёсоор тулгараад байна.


[1] Санхүү эдийн засгийн яам, Ядуурлын судалгааны нэгж. 2004. “Малчдын хөрөнгийн эдийн засгийн эргэлтэнд оруулах арга замын үнэлгээ” судалгааны тайлан. Улаанбаатар


-->
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч
докторант М.Алтанбагана

 Энэхүү нийтлэл нь Үндэсний шуудан сонины 2012.05.15-ны №115 (1449) дугаарт хэвлэгдсэн болно.

No comments:

Post a Comment