Wednesday, May 2, 2012

ЭКОСИСТЕМИЙН ТҮЛХҮҮР ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАЯ

Орон нутгийн иргэд болон засаг захиргааны оролцоотойгоор тухайн бүс нутгийн экосистемийн түлхүүр зүйлүүдийг түлхүү хамгаалах, зохистой ашиглах бодлого баримтлъя. Экосистемийн түлхүүр зүйл (Keystone species of ecosystems) гэдэг ойлголт экосистемийн шинжлэх ухаанд байдаг бөгөөд үүнийг зүйлээс өргөн утгаар хэрэглэдэг. Аливаа нийгмийн урт хугацаанд тогтвортой оршин байх эх үүсвэр нь хүрээлэн буй орчин, түүний харилцан хамаарал бүхий бүрэлдэхүүн экосистемүүд юм.
Хүрээлэн буй орчин дахь экосистемүүд бүгд өөрсдийн үүрэгтэй бөгөөд түүн дотроо голлох үүрэг гүйцэтгэж буй экосистемийг түлхүүр зүйл гэж ойлгож болно. Экосистемийн түлхүүр зүйлд ус, ойн сав газар, бэлчээр дахь зонхилогч ургамал, биологийн зүйл зэрэг байж болно. Тухайлбал, Баянхонгор аймаг дахь Түйн голын сав газрын экосистем нь Баянхонгор аймгийн нийт хүн амын 50% буюу 40 мянга орчим хүн ам, 670 мянган мал, ан амьтныг ундаалдаг, байгаль орчны тогтвортой байдлыг хангадаг байгалийн үнэт капитал мөн. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн хүн-байгалийн тогтолцооны урт удаан хугацааны тогтвортой амьжиргааны эх үүсвэр Түйн голын экосистем юм. Иймд Баянхонгор аймгийн тогтвортой хөгжлийн тэргүүн зорилтын нэг бол Түйн голын сав газрын экосистемийг цогцоор хамгаалах асуудал нэн чухал. экосистемийн түлхүүр зүйлийг тодорхойлох, хамгаалах асуудал нь байршил болон түвшин бүрт харилцан адилгүй юм. Тухайлбал, орон нутгийн малчдын түвшинд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зарим нутагт өвлийн дунд сар хүртэл цас унахгүй оройтсоноос малчид өвөлжөөндөө бууж чадахгүй малын ундны усны нөөцөө даган намрын бэлчээр дахь булаг, харзны усаа өвлийн хугацаанд цас ортол ашиглаж байгаа нь уг булгийн экосистем өөрөө тухайн нутгийн нийгэм-экологийн тогтолцооны түлхүүр зүйл болж байгаа юм. Иймд тухайн орон нутгийн малчид засаг захиргаатайгаа хамтран булгаа аль болох удаан хугацаанд хамгаалж ашиглах нь цаашдын тогтвортой оршин байх нэг нөхцөл болно. Иймэрхүү байдлаар орон нутагтаа нийгмийн хувьд тогтвортой амьжиргааны эх үүсвэр болдог байгалийн капитал болсон экосистемийн түлхүүр зүйлүүд олон бий. Тэдгээр экосистемүүдийг сум, аймгийн хөгжлийн хөтөлбөрүүдэд тэргүүн эгнээнд тусгаж өгөх хэрэгтэй.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч
докторант М.Алтанбагана

No comments:

Post a Comment